ТОГТООЛ ТУШААЛ

 

 

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ, ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх/

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хот
 
Дугаар 46
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ, ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16.3, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.1, 9.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. “Журам, чиглэл шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д  дор дурдсан агуулга бүхий 4.1.7 дахь заалт нэмсүгэй: “4.1.7. бакалаврын хөтөлбөрт суралцагчийн хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн 2.0 болон түүнээс дээш үнэлэгдсэн байх.”

3. “Боловсролын зээлийн сан” байгуулах талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 111 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Боловсролын зээлийн сангийн дүрэм”-ийн 1.3. дахь заалтын “төсөв болон зээлийн хүүгийн орлогоос” гэснийг “төсвөөс” гэж; 5.2.3 дахь заалтын “зээлийг олгох оролцогч банк болон” гэснийг “зээл олгох үйл ажиллагаатай холбогдуулж” гэж тус тус өөрчлөн, мөн дүрмийн 4.1.2 дахь заалтын ”зээлийн хүүгийн орлого” гэснийг, 4.2 дахь заалтын “Сангийн үйл ажиллагааны зардал нь зээлийн хүүгийн орлогын 2 хувиас илүүгүй байна.” гэснийг, 5.1.4 дэх заалтын “оролцогч банк болон” гэснийг тус тус хассугай.

4. Оюутны хөгжлийн зээлд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган санхүүжүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

5. Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу авсны үндсэн дээр оюутны хөгжлийн зээлийн зээлдэгчийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд тогтмол бүртгүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад даалгасугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 176 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

7. Энэ тогтоолыг 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                               У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх

ухаан, спортын сайд                                                            Ц.ЦОГЗОЛМАА

Үзэх legalinfo.mn

“БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН” БАЙГУУЛАХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хот
 
Дугаар 111
“БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН” БАЙГУУЛАХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

          Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.4.13, 6.4.6, 16.4, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 9.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

          1. Сургалтын төрийн санг “Боловсролын зээлийн сан” болгон өөрчлөн зохион байгуулж, орон тооны хязгаар, цалингийн санг баталж мөрдүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт тус тус даалгасугай.

          2. “Боловсролын зээлийн сангийн дүрэм”-ийг 1 дүгээр хавсралт, “Боловсролын зээлийн сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг 2 дугаар хавсралт, “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. /Энэ  тогтоолын 3 дугаар хавсралтыг Засгийн газрын 2017 оны 176 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон. Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2018 оны 46 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон/

          3. Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д дор дурдсан агуулга бүхий 4.1.6 дахь заалт нэмсүгэй:

                “4.1.6. Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн.”

          4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт тус тус даалгасугай.

          5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын     2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 1, 2 дугаар хавсралт, 4 дүгээр хавсралтын 2 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцож, Засгийн газрын 2014 оны            71 дүгээр тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ын 4.4, 6.1, 6.2, 6.5, 6.6.2, 6.6.3 дахь заалтын “Сургалтын төрийн” гэснийг “Боловсролын зээлийн” гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                   Ж.ЭРДЭНЭБАТ

Боловсрол, соёл, шинжлэх

ухаан, спортын сайд                                                                Ж.БАТСУУРЬ

Үзэх legalinfo.mn

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /тэтгэлэг олгох журамд/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот
 
Дугаар 26
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.1, 8.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ын 2.2.3-т  “2.0-оос доошгүй” гэснийг “3.0-аас доошгүй” гэж, 2.3.1-д “2.8-аас доошгүй” гэснийг “3.2-оос доошгүй” гэж, 2.3.2-т “3.0-аас доошгүй” гэснийг “3.5-аас доошгүй” гэж, 3.4.1-д “3.4 болон түүнээс дээш” гэснийг “3.6 болон түүнээс дээш” гэж, 3.5.1-д “3.6-аас дээш” гэснийг “3.8-аас дээш” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Мөн журмын 7.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“7.1. Сургалтын байгууллага нь суралцагчийн тэтгэлгийн асуудлаар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, суралцагчийн мэдээллийг удаа дараа буруу гаргасан буюу сурлагын үнэлгээг бодитой бус үнэлсэн нь тогтоогдвол хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.”

Монгол Улсын Ерөнхий сайд                                      Ч.САЙХАНБИЛЭГ

Боловсрол, соёл, шинжлэх

ухааны сайд                                                                 Л.ГАНТӨМӨР

Үзэх legalinfo.mn

ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 71-р тогтоолд/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 214
ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.1, 8.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

    “Журам, чиглэл шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ын 2 дугаар зүйлд дараах заалтыг нэмсүгэй:

     “2.2.3 Хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн нь 2.0-оос доошгүй үнэлэгдсэн байх.” 

Монгол Улсын Ерөнхий сайд                                           Н.АЛТАНХУЯГ

Боловсрол, шинжлэх ухааны сайд                                 Л.ГАНТӨМӨР

Үзэх legalinfo.mn

ЖУРАМ, ЧИГЛЭЛ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хот
 
Дугаар 71
                                                       
ЖУРАМ, ЧИГЛЭЛ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.1, 8.2, 8.4, 8.7, Боловсролын тухай хуулийн 39.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 

1. “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ыг 1 дүгээр, “Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэл”-ийг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай. /Энэ тогтоолын 1-р хавсралтад ЗГ-ын 2014-7-4-ний өдрийн 214, ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 26, ЗГ-ын 2016-10-5-ны өдрийн 111-р тогтоол, ЗГ-ын 2018 оны 46-р тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон./

2. Засгийн газрын 2013 оны 271 дүгээр тогтоолоор баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-д дараах өөрчлөлтийг оруулсугай:

2.1. журмын 2.3 дахь хэсгийг “Сургалтын зээл нь сургалтын төлбөр байна.” гэж өөрчлөх;

2.2. журмын 2.6 дахь хэсгийн “…, амьжиргааны зардлыг суралцагчийн дансанд тус тус” гэснийг хасах.

3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 3, 5 дугаар хавсралт, “Журамд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 83 дугаар тогтоол, “Журамд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. /Энэ зүйлийг ЗГ-ын 2014-9-18-ны 287-р тогтоолоор өөрчилсөн/  

4. Энэ тогтоолыг 2014-2015 оны хичээлийн жилийн эхнээс эхлэн мөрдөж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                   Н.АЛТАНХУЯГ

Боловсрол, шинжлэх

ухааны сайд                                                                              Л.ГАНТӨМӨР

Үзэх legalinfo.mn

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ, ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-1-18-ны 19-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 7 дугаар                                                                                                            
сарын  6-ны  өдөр                               дугаар 271                   Улаанбаатар хот                        
     
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ, ЖУРАМД 
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.7, Боловсролын тухай хуулийн 39.7-г тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 78 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.  “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ыг хавсралт ёсоор  шинэчлэн баталсугай./ЗГ-ын 2014-3-7-ны 71-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2.  Журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг хянаж, жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

3. Энэхүү журам батлагдахаас өмнө улсын төсвийн хөрөнгөөр гадаад оронд бакалаврын зэргийн сургалтад суралцах гэрээ байгуулсан иргэдийн сургалтын төлбөрийг гэрээгээр тохирсон нөхцөлийн дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

4.  “Журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох журам”-ын зарим хэсгийг дор дурдсанаар өөрчилсүгэй:

1)1.2 дахь хэсэг:

“1.2. Энэхүү журам нь Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын, гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад магистр, докторын зэргийн боловсрол эзэмшихээр зохих журмын дагуу элсэн өдрийн ангид суралцаж байгаа Монгол Улсын иргэнд хамаарна.”

2) 3.2 дахь хэсгийн “бакалаврт 2 жил” гэснийг “докторын дараах сургалтад хамрагдагчид 1 жил” гэснийг тус тус хассугай.

5.     Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах журам батлах тухай” Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 217 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                                  Н.АЛТАНХУЯГ

Боловсрол, шинжлэх ухааны сайд                                                        Л.ГАНТӨМӨР

Сангийн сайд                                                                                              Ч.УЛААН

Үзэх legalinfo.mn

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Боловсролын зээлийн сан, тэтгэлэг)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 19

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 4, 5, 7, 11, 12, 13 дугаар зүйл, Боловсролын тухай хуулийн 39.7, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. ”Сургалтын төрийн сангийн дүрэм”-ийг 1 дүгээр, “Сургалтын төрийн сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг 2 дугаар, “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ыг 3 дугаар, “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох журам”-ыг 4 дүгээр, “Монгол Улсад эрэлт ихтэй мэргэжлийн жагсаалт”-ыг 5 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай./Энэ тогтоолын 3-р хавсралтад 2013-3-7-ны 83, 2013-5-18-ны 181, 4-р хавсралтад 2013-7-6-ны 271-р тогтоолоор тус тус өөрчлөлт орсон. ЗГ-ын 2014-3-7-ны 71-р тогтоолоор 3, 5-р хавсралт, ЗГ-ын 2016-10-5-ны өдрийн 111-р тогтоолоор 1, 2-р хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсон/

2. Их, дээд сургууль, коллежийн аттестатчиллыг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний дотор дуусгах, аттестатчилалд хамрагдаагүй дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид магадлан итгэмжлэлийн үр дүнгээр суралцагчийн тэтгэлэг, зээл олгох арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.

3. Сургалтын төрийн санд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж, энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт нарт тус тус даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2000 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 201 дүгээр тогтоол, “Журам, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2001 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 195 дугаар тогтоол, “Журам батлах тухай” Засгийн газрын 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 177 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                         С.БАТБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх

       ухааны сайд                                                               Ё.ОТГОНБАЯР

Үзэх legalinfo.mn

ОЮУТНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОЮУТНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 102

Боловсролын тухай хуулийн 43.2.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Оршин суудаг газраасаа 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагсдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн 2 талын зардлыг холбогдох баримтыг нь үндэслэн авто тээврийн хэрэгслийн тарифаар тооцож Сургалтын төрийн сангаас нөхөн олгож байсугай.

2. Дээрх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. 

Монгол Улсын Ерөнхий сайд                                    С.БАТБОЛД 

Сангийн сайд                                                                С.БАЯРЦОГТ 

 Боловсрол,соёл,шинжлэх 

 ухааны сайд                                                                 Ё.ОТГОНБАЯР

Үзэх legalinfo.mn

ЗАРИМ ХҮМҮҮСИЙГ СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛ,ТҮҮНИЙ ХҮҮГИЙН ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАРИМ ХҮМҮҮСИЙГ СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛ,ТҮҮНИЙ ХҮҮГИЙН ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

2009 оны 8 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 242

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцан төгсөж, гэрээний дагуу 5 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа хавсралтад дурдсан нэр бүхий хүмүүсийг сургалтын төлбөр, эрдэм шинжилгээний ажлын хамгаалалтын зардал болон амьжиргааны тэтгэлгийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт нарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                 С.БАЯР

Боловсрол,соёл,шинжлэх 

         ухааны сайд                                                      Ё.ОТГОНБАЯР

Үзэх legalinfo.mn

ЗАРИМ ХҮМҮҮСИЙГ СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛ,ТҮҮНИЙ ХҮҮГИЙН ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАРИМ ХҮМҮҮСИЙГ СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛ,ТҮҮНИЙ ХҮҮГИЙН ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

2008 оны 5 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 178

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцан төгсч, эзэмшсэн мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа 1 дүгээр хавсралтад дурдсан нэр бүхий хүмүүсийг сургалтын төлбөр болон амьжиргааны тэтгэлгийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс, 2007-2008 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын их, дээд сургууль, коллежийг 2,8 болон түүнээс дээш голч дүнтэй төгсч, эзэмшсэн мэргэжлээрээ 2 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүсийг 2 дугаар хавсралтын дагуу төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.Болормаа, Сангийн сайд Ч.Улаан нарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                                                  С.БАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд                                                                                                                                                                                                                                                                                       Н.БОЛОРМАА

Үзэх legalinfo.mn

ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖ ТӨГСӨГЧДИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖ ТӨГСӨГЧДИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 22

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2003-2004 оны хичээлийн жилээс өмнө их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцаж, сургалтын төрийн сангийн хөнгөлөлттэй зээлээр дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлсүгэй

2. “Журам батлах тухай” Засгийн газрын 2000 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 158 дугаар тогтоолоор баталсан “Дотоодын их сургууль, коллежид суралцаж байгаа зарим суралцагчийн сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх журам”-ын дагуу төрийн санхүүжилтээр бакалаврын боловсрол эзэмшсэн хүмүүсийг салбарын хүний нөөцийн бодлоготой уялдуулан хэрэгцээтэй газарт нь томилон ажиллуулж байсугай .

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, 1 дүгээр зүйлд заасан арга хэмжээг 2004 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2005 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД

Үзэх legalinfo.mn

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Сургалтын төрийн сангийн дүрэм/
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Сургалтын төрийн сангийн дүрэм/

1997 оны 8 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 179

Боловсролын тухай хуулийн тавдугаар бүлийн 33 дугаар зүйлийн 6 дахь заалт, 34 дүгээр зүйлийн 2-ын 3, 4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 1 дэх заалт, дээд боловсролын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Дотоод, гадаадын их, дээд сургууль, коллежид дипломын болон бакалаврын боловсрол эзэмшигчдийг төлбөртэйгээр суралцуулж байхаар тогтоосугай.

2.”Их дээд сургууль, коллежид дипломын болон бакалаврын боловсрол эзэмшигчдэд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгох журам”- ыг 1 дүгээр хавсралтын ёсоор баталж 1997 оны 9 дүгээр сарын 1-нээс мөрдсүгэй. /2000 оны 96 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

3.Суралцагчдад хөнгөлөлттэй зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэх Сургалтын төрийн санг гэгээрлийн яамны харьяанд ажиллуулахыг гэгээрлийн сайд Ч.Лхагважав, Сангийн сайд П.Цагаан нарт зөвшөөрсүгэй.

4.”Сургалтын төрийн сан”-ийн дүрмийг 2 дугаар хавсралтын ёсоор баталсугай./ЗГ-ын 2008 оны 177-р тогтоолоор хүчингүй/

5. Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, Сангийн сайд П.Цагаанд даалгах нь:

а/ “Сургалтын төрийн сан”-гийн захиргааны орон тоо, цалингийн санг баталж мөрдүүлсүгэй.

б/ “Сургалтын төрийн сан”-д шаардагдах хөрөнгийг “1997 оны төсвийн тухай” хуулийн болон түүний тодотголын дагуу төвлөрсөн төсвөөс бүрдүүлэх арга хэмжээг 1997 оны 9 дүгээр сараас авч хэрэгжүүлсүгэй.

6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 1995 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн “Журам батлах тухай” 194 дүгээр тогтоолын нэг болон дөрөвдүгээр заалт, мөн тогтоолоор баталсан “Мэргэжлийн сургуульд суралцагчдад хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгох журам”-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Гэгээрлийн сайд Ч.ЛХАГВАЖАВ

Сангийн сайд П.ЦАГААН

Үзэх legalinfo.mn