Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

Боловсролын зээлийн сангийн захирал 

Ж.Ариунболд

Эрхэм хүндэт сурагч, оюутан, боловсролын зээлийн сангаар суралцан төгссөн иргэд болон хамтран ажиллагсад аа!

1993 оноос өдийг хүртэл Монгол Улсынхаа боловсролын салбарын хөгжлийн төлөө хамтран ажиллаж байгаа эрхэм хүндэт багш, эцэг эхчүүд, оюутан суралцагчид, Их, Дээд сургуулиудын хамт олон та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Өнгөрсөн хугацаанд Боловсролын Зээлийн сан нь өөрсдийн үндсэн чиг үүргээ амжилттай биелүүлж Их, Дээд сургуулиудын санхүүгийн болон боловсролын чанарыг сайжруулан хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмрээ оруулсан гэдэгт итгэлтэй байна.

Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авч гадаад дотоодын их дээд сургуулиудад суралцсан олон мянган залуус Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна. 1990 оноос өмнө гадаадын их дээд сургуулиудад суралцан төгссөн нийт төгсөгчдийн 90 гаруй хувь нь ОХУ-д суралцаж төгссөн бол зах зээлийн харилцаанд шилжсэн жилүүдэд дэлхийн өнцөг булан бүрд суралцсан байна.

Монгол Улсын Засгийн газраас Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг өргөтгөх, цаг үетэй нь уялдуулах чиглэлээр олон төрлийн тогтоол, шийдвэрийг гаргасан бөгөөд 2020 оны 2 дугаар сарын 19-ны  өдрийн Засгийн газрын 70 дугаар тогтоолоор олон тулгамдсан асуудлыг шийдсэнд манай хамт олон баяртай байна.

Боловсролын системийн чанарыг сайжруулахад бидний үүрэг, ач холбогдол өндөр гэдгийг гүнээ ухамсарлаж манай хамт олон дөрвөн хэлтсийн хорин гурван мэргэжилтэнтэйгээр хичээнгүйлэн ажиллаж байна.

Техник технологийн хурдацтай хөгжил нь Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг дижитал бүтээгдэхүүн үйлчилгээ рүү хөтөлж, сошиал харилцааг оюутан, залуус илүүд үзэх болжээ. Иймд манай хамт олон дотоод мэдээллийн урсгал, гадаад хамтын харилцаагаа цахим дижитал хэлбэрт шилжүүлэх зорилготой ажиллаж байна.

Боловсролын зээлийн сан алсын хараагаа “Чанартай боловсрол эзэмшихэд санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх” хэмээн тодорхойлсон.

Бид үйл ажиллагаагаа нээлттэй ил тод, зарчим, үнэт зүйлээ дээдэлсэн, оюутан залууст өгөөжтэй санхүүгийн үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна.

Эрхэм хүндэт оюутан, суралцагч, хамтран ажиллагсад, их, дээд сургуулиудын хамт олон, боловсролын зээлийн сангаар суралцан төгссөн  та бүхэндээ ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

                             Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай